Харилцагч нь үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцохын тулд брокерийн компанид үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд та манай компанид данс нээлгэснээр ҮЦТХТѳвд Үнэт цаасны данстай болох юм. Бид танд онлайн орчинд амар хялбараар үнэт цаасны дансаа нээн арилжаанд оролцох боломжийг олгож байна.
1.1.Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХХК (цаашид "Компани" гэх)-аас www.ucc.mn вэбсайт болон Ulzii and Co гар утасны аппликейшн (цаашид "онлайн арилжааны систем" гэх)-ээр дамжуулан нөгөө талаас үйлчилгээ авахаар хүсэлт ирүүлж буй хувь хүн, хуулийн этгээд (цаашид "Харилцагч" гэх)-д Монгол Улсын Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэн брокерийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Харилцагч нь онлайн арилжааны системд бүртгүүлж, бүртгэлийн хаяг нээлгэсэн болон нэвтэрсэн, "Үйлчилгээний нөхцөл"-ийн зөвшөөрөх товчлуурыг дарж баталгаажуулсан тохиолдолд энэхүү "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3.Компани нь шимтгэл, хураамжид нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээллийг өөрийн цахим хуудсанд нэн даруй нийтлэх ба ийнхүү мэдээлэл нийтлэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор Харилцагч Үйлчилгээний нөхцөлөөс татгалзах санал ирүүлээгүй тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.1."Брокер" гэж Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгаврын дагуу данс нээх, арилжааны захиалга гүйцэтгэх, гэрээ бэлтгэх, мэдээлэл өгөх гэх мэт мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтныг;
2.2."Брокерийн үйлчилгээ" гэж Компани нь Харилцагчийн хүсэлтийн дагуу үнэт цаасны данс нээх, бүртгэл хөтлөх, онлайн арилжааны системээр дамжуулан үнэт цаас худалдах, худалдан авах хэлцэл хийх, түүнтэй холбоотой мөнгөн хөрөнгийн номинал дансны үйлчилгээ авах, мөн Харилцагчийг харилцагчийн дансны мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг;
2.3."Харилцагчийн дансны мэдээлэл" гэж Харилцагчийн Үнэт цаасны данс түүний хуулга, үлдэгдлийн мэдээллийг;
2.4."Үнэт цаасны данс" гэж Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нээгдэж буй хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшиж буй үнэт цаасыг бүртгэж, хадгалж, шилжилт хөдөлгөөнийг нь тэмдэглэдэг албан ёсны бүртгэлийг;
2.5."Номинал данс" гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий дансыг;
2.6."Арилжаа" гэж арилжаа эрхлэх байгууллагад арилжаалагдаж буй үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийхийг;
2.7."Үнэт цаас" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгслийг;
2.8."Ажлын өдөр" гэж Бямба, Ням болон нийтээр амрах өдрүүдээс бусад өдрүүдийг;
2.9."Ажлын цаг" гэж Даваа гарагаас Баасан гараг хүртэлх 09:00-18:00 цагийг;
2.10."Т+2 өдөр" гэж Харилцагчийн үнэт цаасны захиалга биелснээс хойш 2 дахь өдрийг;
2.11."Харилцагчийг таньж мэдэх ажиллагаа" гэж харилцагчийг тодорхойлох мэдээллийг харилцагчаас гаргуулж авах бөгөөд хэнийг төлөөлж байгаа, ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар зорилгоор харилцаж байгаа зэрэг мэдээллийг тодруулах, тухайн мэдээллийн үнэн зөвийг тогтоох зорилгоор албан ёсны бичиг баримт, төрийн байгууллагын мэдээллийн сан болон мэдээллийн бусад эх үүсвэрийг ашиглан мэдээллийг баталгаажуулах үйл ажиллагааг;
2.12."Харилцагч" гэж компаниар үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
2.13."Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;
2.14."Өндөр эрсдэлтэй харилцагч" гэж улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын иргэн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
2.15."Дотоод мэдээлэл эзэмшигч" гэж тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг;
3.1.Бүртгүүлэх, данс нээх, харилцагчийг таньж мэдэх
3.1.1.Харилцагч нь Компанид данс нээх болон бусад үйлчилгээг биечлэн ирэх эсхүл утсаар, мөн цахим шуудан, онлайн арилжааны систем ашиглан авах боломжтой. Хэрэв өөрийн биеэр ирж үйлчилгээ авах тохиолдолд хүчин төгөлдөр бичиг баримт буюу иргэний үнэмлэхээр өөрийгөө нотлох, харин цахимаар үйлчилгээ авах тохиолдолд өөрийн бүртгэлтэй цахим хаяг, гар утасны дугаараар баталгаажуулна.
3.1.2.Харилцагч нь үнэт цаасны данс нээхтэй холбоотой бичиг баримтыг брокерийн өгсөн зааварчилгааны дагуу бүрдүүлэн өгнө.
3.1.3.Хэрэв харилцагч зайнаас данс нээх тохиолдолд онлайн арилжааны систем дэх "бүртгүүлэх" хэсэгт өөрийн цахим хаягийн мэдээллийг оруулан, тус хаягт ирэх баталгаажуулах кодыг ашиглан системд нэвтэрнэ.
3.1.4.Шинээр бүртгэл үүсгэсний дараа утасны дугаар болон ХУР/ДАН системийн давхар баталгаажуулалт хийх бөгөөд Харилцагчийн илгээсэн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв тулган, баталгаажуулалт хийсний үндсэн дээр ажлын 24-36 цагийн дотор үнэт цаасны данс нээгдэнэ.
3.1.5.Харилцагч Үнэт цаасны данс нээгдсэний дараа өөрийн үнэт цаасны дансны мэдээллийг онлайнаар авах, хянах эрхтэй болно.
3.1.6.Харилцагч нь өөрийн нэвтрэх эрх, нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах, хамгаалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх, онлайн арилжаанд оролцох эрхээ шилжүүлэхгүй байх үүргийг хүлээнэ.
3.1.7.Харилцагч онлайн үйлчилгээнд нэвтрэхдээ интернэтийн шугам, ашиглаж буй компьютер, гар утас, таблет болон бусад адилтгах төхөөрөмжийн аюулгүй байдлыг бие даан хариуцах бөгөөд үйлчилгээг ашиглаж дууссан даруйдаа программаас бүрэн гарч байх үүрэгтэй. Учир нь системд бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан гаргасан үнэт цаас худалдах, худалдан авах захиалга, мөнгө хүсэх өргөдөл илгээхтэй холбоотой үүсэх үр дагаврыг Харилцагч өөрөө бүрэн хариуцна.
3.1.8.Компани нь Харилцагчийн онлайн үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгийн талаарх мэдээллийг авах эрхгүй тул Компанитай ижил төстэй нэршлээр илгээсэн нэвтрэх нэр, нууц үг асуусан аливаа хүсэлт нь Компанийн зүгээс гаргасанд тооцогдохгүй. Ийм төрлийн хүсэлтийг Харилцагч хүлээн авахгүй байх үүрэгтэй.
3.1.9.Харилцагч нь арилжааны системд бүртгэлтэй цахим хаяг, утасны дугаарын мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 72 цагийн дотор Компанид бичгээр эсхүл цахимаар мэдэгдэж өөрийгөө нотолсны үндсэн дээр мэдээллийг шинэчлүүлэх бөгөөд мэдэгдээгүйгээс үүсэх эрсдэлийг Харилцагч дангаар хариуцна.
3.1.10.Хэрэв харилцагч нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд арилжааны системд бүртгүүлсэн цахим хаягаар нууц үгийг шинээр үүсгэн авна.
3.1.11.Харилцагч бүртгэлтэй цахим хаяг болон утасны дугаараас бусад хаяг, дугаараас холбогдсон тохиолдолд Компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болох бөгөөд харилцагчийн бүртгэлтэй цахим хаягаар ирүүлсэн хүсэлтийг Харилцагчаас ирсэн гэж үзнэ. Иймд Харилцагч өөрийн цахим хаяг, түүнд хамаарах мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх ба уг мэдээлэл алдсанаас учрах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бие даан хариуцна.
3.1.12.Харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодыг ашиглан хийгдсэн аливаа үйлдлийг Харилцагч өөрөө хийсэнд тооцно.
3.1.13.Харилцагчийн бүртгэл, нэвтрэх эрхтэй холбоотой аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж үзвэл Компани нь Харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлах, зогсоох эрхтэй.
3.1.14.Харилцагч нь Компанид ирүүлсэн аливаа мэдээлэл үнэн зөв, бүрэн байх үүрэгтэй бөгөөд худал, зөрүүтэй, хуучирсан мэдээллийн улмаас үүсэх аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бүрэн хариуцна.
4.1.Компани нь өөрийн болон Харилцагчийн мөнгөн төлбөр, үнэт цаасны шилжүүлгийн үүргийг гүйцэтгэх эрх бүхий Монголын үнэт цаасны клирингийн төвийн шууд гишүүн бөгөөд үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх номинал данс эзэмшиж, ашиглах эрхтэй этгээд болно.
4.2.Харилцагч нь номинал дансанд мөнгө байршуулахдаа гүйлгээний утга дээр өөрийн регистрийн дугаарыг заавал бичих шаардлагатай. Ингэснээр систем автоматаар харилцагчийн номинал данс руу орлогын гүйлгээг таниулна.
4.3.Компани нь Харилцагчийн номинал дансны орлого зарлагын гүйлгээний бүртгэлийг бусад харилцагчдынхаас тусад нь бүртгэж хөтөлнө.
4.4.Харилцагч нь түүний үнэт цаасны захиалгыг биелүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэсний дараа Компанийн номинал дансанд үлдсэн мөнгөн хөрөнгөд аливаа хэлбэрээр хүү тооцогдохгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
5.1.Компани нь Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу хадгалж хамгаална.
5.2.Брокер нь Харилцагчийг таньж мэдэх үүргийнхээ дагуу Харилцагчийн хувийн мэдээллийг тодорхой хүрээнд авах, ашиглах, цуглуулах эрхтэй байна. Хэрвээ харилцагч харилцагчийг таньж мэдэх маягтад шаардлагатай мэдээллийг өгөөгүй, өгөхөөс татгалзсан, бөглөөгүй нөхцөлд Брокер үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
5.3.Компани нь Төрийн эрх бүхий байгууллага хууль ёсны дагуу шаардсанаас бусад тохиолдолд Харилцагчийн мэдээллийг задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй. Эрх бүхий байгууллага Харилцагчид мэдэгдэхийг хориглосноос бусад тохиолдолд Компани нь эрх бүхий байгууллагын шаардлагын талаар Харилцагчид мэдэгдэнэ.
5.4.Компани нь Харилцагчийн нууцад хамаарах мэдээлэл, бичиг баримтыг зөвхөн хууль ёсны зорилгоор ашиглах бөгөөд хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
6.1.Харилцагч эсвэл Компани үйлчилгээний нөхцөлд тусгагдсан заалтуудыг зөрчсөний улмаас нөгөө талдаа бодит хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
6.2.Харилцагч залилан мэхлэх үйлдэл хийсэн болон үйлчилгээний нөхцөлд тусгагдсан бусад үүргээ зөрчсөний улмаас Компанид хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг Харилцагчийн номинал дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутган төлүүлнэ.
6.3.Компанийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд брокерийн үйлчилгээ саатсан бол Компани хариуцлага хүлээхгүй.
6.4.Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдсан үүргээ биелүүлээгүйн улмаас Компанид болон гуравдагч этгээдэд санаатай болон болгоомжгүй байдлаар хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг бүрэн хариуцан арилгах үүрэгтэй.
7.1.Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан бүхий л эрх, үүргийг биелүүлэх эрх зүйн чадамжтай болохыг баталж байна.
7.2.Харилцагчаас Компанид өгсөн түүний талаарх бүхий л мэдээлэл нь үнэн зөв болохыг баталж байна.
7.3.Харилцагчийн үнэт цаасны данс дахь мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны дагуу бүрдсэн бөгөөд зөвхөн үнэт цаасны зах зээлд оролцох зорилготой.
7.4.Харилцагч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмждэггүй, санхүүжүүлдэггүй мөн харилцагчийн мөнгөн хөрөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдахгүй, аливаа хэлбэрээр хамааралгүй болохыг баталж байна.
7.5.Харилцагч үнэт цаасны төлбөрийг 100 хувь байршуулсны үндсэн дээр арилжааны захиалга өгөх ба өөрийн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог өөрөө дангаараа бүрэн хариуцахаа баталж байна.